

Apple компани 9 сарын 14 – нд “California Streaming” дээр ямар бэлэг барих вэ?
Apple компани жил бүрийн намар шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, зах зээлд нийлүүлдэг уламжлалтай.
Энэхүү уламжлалт үйл ажиллагаа 2021 оны 9 дүгээр сарын 14 – ний өдрийн Мягмар гарагт буюу Монголын цагаар 2021 оны 9 дүгээр сарын 15 – нд виртуал, цахим хэлбэрээр “California Streaming” нэртэйгээр зохион байгуулагдах нь тодорхой боллоо.
Тус арга хэмжээгээр iPhone 13, AirPods (3rd generation), Apple Watch Series 7, iPad (9th generation) зэрэг шинэ үеийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүдийг танилцуулах нь тодорхой болж байх шиг. Харин 10 болон 11 – р саруудад iPad mini (6th generation), Apple Pencil (3rd generation), 14 inch MacBook Pro, 16 inch MacBook Pro, Mac mini зэрэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулах төлөвтэй байна.
Харин зах зээлд дараах хуваарийн дагуу нийлүүлэгдэх бололтой.
- 9 – р сард
- iPhone 13
- AirPods (3rd generation)
- Apple Watch Series 7
- 10 – р сард
- iPad (9th generation)
- iPad mini (6th generation)
- Apple Pencil (3rd generation)
- 11 – р сард
- 14 inch MacBook Pro
- 16 inch MacBook Pro
- Mac mini
Шинэ бүтээгдэхүүнүүдийн сураг эхнээсээ тодорхой болж байгаа учраас бүтээгдэхүүн тус бүрийн сонин сайхантай танилцацгаая.
iPhone 13
Шинэ загварын iPhone утасны нээлт гар утасны зах зээлд тухайн жилийн хамгийн том нээлт болдогийг хүн бүр мэднэ.
Олон төрлийн өнгөний сонголттой болсон бөгөөд, үндсэн их биеийн хэмжээний хувьд iPhone 12 загвараас үл ялиг том хэмжээтэй байх ба камерны хүчин чадал нэмэгдсэн, 120Hz дэлгэцийн шилжих хурдтай болох магадлал өндөр.
Нэг чухал зүйл нь always-on display буюу таны дэлгэц танд шаардлагатай мэдээллүүдийг байнга харуулах боломжтой байдлаар хийгдсэн гэсэн мэдээлэл байна.
AirPods (3rd generation)
Үнэнч хэрэглэгчдийн хувьд сүүлийн нэг жилийн турш Apple – н арга хэмжээ болгон дээр шинэ үеийн Airpods – г хүлээж байсны эцэст энэ намар хүлээлт биелэлээ олох нь.
Хэдэн сарын өмнөөс цахим орчинд цацагдсан шинэ бүтээгдэхүүний зурагнуудаас харвал Airpods Pro загвартай төстэй боловч илүү богино загвартай, хүн бүрийн чихний хэлбэрт таатай нийцэх бүтээгдэхүүн байх бололтой. Мэдээж Noise cancellation буюу гадна орчны дуу чимээ тусгаарлагч функцийг илүү сайжруулж шинэ бүтээгдэхүүндээ хадгалах нь тодорхой. Мөн MagSafe цэнэглэлтийг дэмждэг болох магадлал тун өндөр бөгөөд, хэрвээ энэ боломжийг Apple компани шинэ AirPods – д шингээвэл хэрэглэгчдээс багагүй талархал хүртэх нь дамжиггүй.
Apple Watch Series 7
Өнгөрсөн жилийн хувьд Apple Watch Series 6 зах зээлд танилцуулагдаж “Time Flies” арга хэмжээний хамгийн онцлох бүтээгдэхүүн байсан ч энэ намар Apple Watch Series 7 түүнийг давсан онцлох бүтээгдэхүүн болж хүлээлт үүсгэх нь гарцаагүй бололтой.
Өмнөх загвартай харьцуулахад илүү нимгэн болсон ба хавтгай ирмэгтэй байна гэсэн мэдээлэл байна. Ямар ч гэсэн 41мм болон 45мм гэсэн хэмжээтэйгээр зах зээлд танилцуулагдах магадлал өндөр аж.
Илүү хурдан бөгөөд, хүчирхэг чипээр шинэчлэгдэж усанд сэлэлтийн үзүүлэлтүүдийг илүү нарийвчлалтай гаргадаг болно гэсэн сураг яригдаж байна.
iPad (9th generation)
Apple компани 2018 онд 6 – р үеийн А10 процессор болон Apple Pencil – р тоноглогдсон хүчирхэг үзүүлэлт бүхий iPad – г зах зээлд танилцуулснаас хойш iPad бүтээгдэхүүнд тийм ч их шинэчлэл хийлгүй өдийг хүрсэн. Тэгвэл энэ удаад илүү шинэлэг дизайн, А12 эсвэл А13 Bionic хүчирхэг чип суурилсан шинэ үеийн iPad бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх сурагтай байна.
Шинэ iPad бүтээгдэхүүн нь Home Button – г хадгалсан хэвээр байх ба iPad Air бүтээгдэхүүнтэй харагдах хэлбэрийн хувьд төстэй байх ч өмнөх загвараас үнийн хувьд хямд танилцуулагдана гэсэн хүлээлт үүсгэсээр.
iPad mini (6th generation)
iPad mini бүтээгдэхүүний хувьд 2019 онд хамгийн сүүлд хүчин чадлын хувьд шинэчлэгдсэн ч хуучин загвар дизайнаа хадгалж үлдсэн гэж хэлж болно.
iPad mini нь энэ оны сүүлээр худалдаанд гарахдаа 2020 онд танилцуулагдсан iPad Air загвартай ижил буюу Liquid Retina дэлгэцтэй Touch ID, Power button хэвээр байх боловч 7.9 инчээс хэмжээ нь томорч 8.3 инчийн дэлгэц, А15 хүчирхэг чип, Type C оролттойгоор таны гарт очих магадлал тун их байгааг дуулгая.
Apple Pencil (3rd generation)
Apple Pencil нь хэрэглэгчдийн хүсэл сонирхолд ихээр нийцсэн бүтээгдэхүүн хэвээр байгаа учраас энэ удаад зөвхөн iPad mini – д зориулан бүтээгдэж, хэмжээний хувьд харьцангуй богино байх магадлалтай.
Энэ нь iPad mini бүтээгдэхүүний үнэнч хэрэглэгчдэд мэдээж сайхан мэдээ.
14 / 16 inch MacBook Pro
Шинэчлэгдсэн MacBook Pro бүтээгдэхүүн нь өмнөх загваруудаас алдагдсан олон, олон боломжуудийг хэрэглэгчдэд буцаан олгох магадлал тун өндөр байна.
Жишээ нь: HDMI оролт, SD карт, Thunderbolt Port гэх мэт магадгүй MagSafe цэнэглэлтийг хүртэл дэмждэг болчихвол хэрэглэгчдэд маш том бэлэг болох биз ээ.
Мөн Touchbar хэсэг MacBook – д цаашид ашиглагдахгүй ч байх магадлалтай. Үүний оронд mini дэлгэц байрших болно гэсэн таамаглал хүчтэй яригдаж байна.
Mac mini
Mac mini бүтээгдэхүүн нь 2022 оны сүүлээр худалдаанд гарахдаа Apple компанийн хамгийн анхны M1 чиптэй бүтээгдэхүүн болно гэж яригдаж байсан ч түүнээс өмнө Apple компани M1X чипээ 2021 онд зах зээлд нэвтрүүлж шинэчлэгдсэн Mac mini – д суурилуулах бололтой.
Apple компани нь шинэ загварын Mac mini – г дизайны хувьд илүү нимгэн, хүчирхэг чиптэйгээр зах зээлд танилцуулах ба 4 ширхэг Thunderbolt оролт, 64GB хүртэлх шуурхай санах ой, iMac-Style – н тэжээлийн залгууртайгаар худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бололтой.
Эх сурвалж: https://www.macworld.com